ОНЦЛОХ МЭДЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, Хийн хоолойн асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нартай албан ёсны уулзалт хийж, салбар хуралдаануудад оролцож буй юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын албан айлчлалын талаарх нэгдсэн мэдээллийг доорх байдлаар багцлан хүргэж байна.

НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

В.ПУТИН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн, хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав.

Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод, цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм.

Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.

Талууд  ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урив.


НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БНХАУ-Д АЙЛЧЛАХЫГ УРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супэр сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтан булагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.


НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ-

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.

Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадам болох талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотод Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Бид энэхүү томоохон спортын наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцлаа.


НЭМЭЛТ:  2018.09.11-НИЙ ӨДӨР

-АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУПЕР СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХАД МОНГОЛ УЛС НИЙЛҮҮЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хийх хоёр талт уулзалт үргэлжилж байна. Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ирсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан юм.Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд  түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.


НЭМЭЛТ: 2018.09.11-НИЙ ӨДӨР

-БНСУ-ТАЙ ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХАМТАРНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм. Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.

117 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail