Трэнд

О.Бямбадэлгэр: “МАГНАЙ ТРЕЙД”, “М-ОЙЛ”, “ЗАМ ЗУУР” компаниуд хуурамч шатахуун зарж байна

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Хуурамч шатахуун гэж яриад нэлээдгүй хугацаа өнгөрлөө?

-Бараг хоёр жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар  “Зах зээл дээр хуурамч шатахуун зарагдаж байна” гэсэн мэдээллийг нийтэд дэлгэн  тавьсан. Эдгээр эрхмүүд завсрын бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун хольж нэрээд байгааг нийгэмд зарласан атлаа үр дүнтэйгээр арга хэмжээ аваагүй, араас нь яваагүй. Тийм учраас Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс хуурамч шатахуун гэдэг асуудалд цэг тавих үүднээс зах зээл дээр зарагдаж байгаа шатахуунуудаас дээж аван лабораториудад шинжилгээ хийлгээд химийн ухааны эрдэмтэн докторуудад хандсан. Яагаад хандав гэхээр үнэхээр хуурамч шатахуун байна уу гэсэн өөрсдийн эргэлзээг тайлах гэсэн хэрэг. Эрдэмтэн, докторуудын хэлсэн ярьсан, судалгааг үндэслээд “Чанаргүй буюу хуурамч шатахуун” гэж нэрлэж болох итгэл үнэмшилтэй болсон. Тэгээд ч Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр бариагүй атлаа шатахуун үйлдвэрлэдэг байж болохгүй юм.

-Ч.Лхагважав, Ч.Чулуунбат нар яагаад дуугүй болсон вэ?

-Харин тийм. Нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой эрхмүүд эцсийг нь үзэлгүйгээр зам зуураас хаяад явчихсанд гайхаад л байдаг юм. Бас яахав ээ, хуурамч шатахуун байна гэж дуугарсан нь шударга ёсны эрэлхийлэл юм уу даа.

-Та бүхэндээ ижил бодол санаатай төрийн албан хаагчид, албан газрууд бий юу?

-Бодол санаа биш л бодит шинжилгээ судалгаа, ажлын хэсгийн дүгнэлтийн үүднээс “Хуурамч шатахуун” гэж ярих эрхтэй болсон юм шүү. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал, Газрын тосны газрын хуурамч шатахууны асуудлаар 2017 онд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүн бий. Энэ ажлын хэсгийн дүгнэлтээр “Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэрж холин А-80, А-92 гарган авах, зах зээл дээр нийлүүлэх нь хууль бус” гэж гарсан. Монгол Улсын стандартыг нэн түрүүнд зөрчөөд байгаа гэдгийг нэн түрүүнд хэлэх хэрэгтэй. Дээрх төрийн байгууллагууд  ч  нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд нэрдэг, хольдог компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл дүгнэлт гарсан.  Харамсалтай нь хууль бус үйл хийдэг нөхдүүд үргэлж хүчтэй, эрх мэдэлтэй хойно, бяр нь хүрэхгүй байгаа бололтой.

-Зогсоох үндэслэл юу вэ?

-Монгол Улсын Стандартад  “Нефтийн бүтээгдэхүүн импортлогч нар октан дээшлүүлэгч  болон нэмэлт бодис нэмж болохгүй” гэсэн заалтыг шууд зөрсөн. Энэ заалтаа мэдэхгүй Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын дарга ЛюБа овогтой Эрдэнэчулууныг яалтай билээ.  Манайд чинь ганц октан битгий хэл түмэн шидийн бодис холиод холимог хуурга шиг  шатахуун хэрэглэгч нарт нийлүүлж байна шүү дээ. Дээр нь нэг зүйл нэмээд хэлчих үү?

-За тэгээч?

-Төр засгийн бүхий л байгууллагууд хуурамч шатахууны талаар мэдэж байгаа ч зогсоох нэгдсэн арга, шийдлээ олохгүй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны  газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болохоор “Хуурамч шатахууны түүхий эд болсон нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татвартай болгоё” гэсэн хүсэлтээ Сангийн яам руу явуулаад байгаа юм.  Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс Сангийн яам л гэхэд жилдээ 60 тэрбум төгрөг авах боломжтой гэсэн тооцоо байдаг ч Ч.Хүрэлбаатар “Та нар нааш нь түлхэлгүйгээр хуурамч шатахуунаа хяналт шалгалтаараа зогсоо” гэсэн байр суурь илэрхийлдэг. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас үүдэн иргэд эд хөрөнгөөрөө хохирч ашиг хонжооч нөхдүүд “Үүлэн чөлөөний нар шиг боломжоо” өдөр шөнөгүй ашиглаж байна.

-Ямар ямар Шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зардаг вэ?

-Хэрэглэгчдийн байнга асуудаг асуудал. Нөгөөтэйгүүр иргэд эрэл хайгуул хийн октан шалгагч худалдаж аваад өөрсдөө шалгалт хийн байгаа мэдээлэл сошиал ертөнцөд тавигдсан байна.  Боломж чадлынхаа хэрээр тэмцэж байгаа иргэдэд талархаж байгаа шүү. Манай холбооны зүгээс хуурамч шатахуун үйлдвэрлэдэг эх үүсвэр, ундарга болсон “Трафигура” компанийн “Трансгайд”-ын үйлдвэрийг нэрлэлээ. Эндээс нэр бүхий аж ахуй нэгж, уул уурхайн компаниуд хольсон нэрсэн шатахууныг чинь өдөр шөнөгүй зөөж байна. Хэд хоногийн өмнө үйлдвэрийн гадаа нь  очиход “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” гэсэн компаниудын логотой машинууд хуурамч шатахуун ачаад гарч байна. Жолооч нартай нь уулзахад “Эндээс л шатахуунаа авдаг” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу. Аж ахуйн нэгжүүд ашиг орлогоо бодоод хямд үнэтэй шатахууныг оросоос  биш ойроос авахыг буруутгахад хэцүү. Иргэдээ гэсэн өчүүхэн ч сэтгэл байсан бол нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс  татвар авахад зогсох боломжтой ажил юм. “Трафигура” бол 54 оронд салбартай, 1988 оноос Эрдэнэтийн зэсийн баяжмалыг авсан үндэстэн дамнасан компани юм. Энэ компанийн сүр хүчинд дулдуйддаг, гар нь болдог, шан харамж хүртдэг байж болох нөхдүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Гаальд байдаг гэсэн мэдээлэл бий.

-Сангийн яам аль талд нь байгаа юм бэ?

-Иргэдийнхээ талд уу, гадны компанийн талд уу гэж үү. Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хүүхдэд өгөх хөрөнгө мөнгө хүрэхгүй байна гэх атлаа тамхи болон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудаас татвар авахыг боддоггүй. Уг нь хаагуур дэл сул юу байна, хэнээс татвар авах вэ гээд өлөнтөж явмаар албан тушаалтан шүү дээ. Гадныханд л их хайртай, элэгтэй Сангийн сайд байх юм.  Хуурамч шатахууныг уран нарийн аргаар зогсоохгүй бол гадны гар хөл болсон нөхдүүд бид үйлдвэрээ барьчихсан, үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн компани гээд гэнэт  хаачихвал шүүх цагдаа болно доо. Үүнийгээ тэд мэдэж байгаа учраас  их пээдгэр байдаг юм. Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүй болгосон юм билээ. Тэр үеэс эхлээд долоо хоног бүр 200 гаруй вагон Монгол Улсын урд хойд хилээр орж ирэх болсон. Татвар нэмчихвэл нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн хуурамч шатахууныг хэн ч авахгүй гэдгийг Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас тэс хөндлөн байр суурь бариад байх юм.

-Хуурамч шатахуун байгаа учраас нефть боловсруулах үйлдвэр гацсан гэх пост сошиал ертөнцөөр явж харагдсан?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьж улсаараа нэг алхам алхлаа. Маш том амжилт шүү. Монгол Улсыг доод тал нь 30 жил хангах нефтийн нөөц байгаа гэдгийг мартах учиргүй. Хуурамч шатахуун борлуулагч нар нефтийн үйлдвэртэй болоход саад хийсэн гэхэд хэцүү ч баярлаагүй гэдэгтэй санал нэг байна.

-Цаашдаа нефть борлуулагч аж ахуйн нэгжүүдийг зарлаад байх уу?

-Мэргэжлийн хяналтын байцаагч нар хүртэл “Трансгайд” компанийн үйлдвэр рүү орж чадахгүй байна. Бид орох хүсэлтээ “Хар мөрөн” компанийн захирал Гантулгаар дамжуулан удаа дараа тавьсан. “Та нар их олон долоон юм ярьдаг учраас оруулахгүй” гэдэг. Тэнд ажиллаж байгаа иргэдийн яриа ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээлэл бий. Шөнө болонгуут “Трансгайд” компанийн  хашаанаас том машинууд хуурамч шатахуун аваад гарч байна. Энэ том машинууд хичнээн машин тэрэг эвдэх, агаар орчинд бохирдол үүсгэж байгааг тооцвол асар их тоо гарах байх. Тийм учраас чанар муутай, хуурамч шатахуунаас үүдэн машин тэргээ эвдүүлсэн иргэд манай холбооны 80470303 утсанд хандан мэдээлэл ирүүлээрэй. Манай холбоо иргэдийн хохирлыг нэгтгэн Засгийн газраас нэхэмжлэх болно.

148 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail