ОНЦЛОХ МЭДЭЭ

“Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аян зохион байгуулж байна

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийн хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах, төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ.

Цахим төлбөр тооцооны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, Финтек-ийн хөгжлийг дэмжих, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах гэсэн 4 чиглэлээр ажлыг зохион явулна.  Иймд, төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг банк санхүүгийн салбарын хүрээнд нэгдсэн байдлаар хамтран ажиллахыг санал болгож байна.

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технолгоид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх  зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр энэ аяны нээлтийн хүрээнд цахим гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, төвбанкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны гэх мэт ситемүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Цаашид энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд нэмэлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоод системдээ шууд ашиглах боломжтой болно.

Санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийг талаар товч танилцуулгыг хийж, энэхүү тоон гарын үсгийг Монголбанкны системд хэрхэн ашиглах талаар толилууллаа.

Монголбанкнаас санаачлан явуулж буй энэхүү аян нь мэдээллийн технологийн эрин зуунд түүний хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар, хурдан шуурхай, тасралтгүй гүйцэтгэх боломж улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй энэ цахим эринд Монголчууд бид ч хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж, цаг хугацааг хэмнэж, орон зайг товчилж хурдтай хөгжих шаардлага нэгэнт бий болжээ.

Аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн системийн хөгжил, түүний тогтвортой байдлын нэг чухал хэмжүүр нь тухайн улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа байдаг. Төлбөрийн системийн талаар АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Аллен Грийнспэний 2007 онд маш энгийнээр хэлсэн үгэнд хэрвээ төлбөрийн систем рүү халдлага хийвэл тухайн улсын эдийн засгийг сүйрүүлэх болно. Банкууд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болсноор бизнес эрхлэгчид бартер болон амлалтын бичигт найдахаас өөр гарцгүй болж, улс орон даяар эдийн засгийн үйл ажиллагаа хад чулуу мэт хөдөлгөөнгүй зогсоход хүрнэ гэжээ.

Өнөөдрийн байдлаар төлбөрийн систем нь мэдээллийн технологид суурилсан санхүүгийн сүлжээ болон хувьсан өөрчлөгджээ. Иргэд, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгө төлбөрийн системээр дамжин өөр хоорондоо солилцоонд орж, эдийн засагт эргэлдэж байдаг тул төлбөрийн систем нь эдийн засаг дахь хурдны зам болсон байна. Иймд энэхүү хурдны замыг байнга шинэчлэн тордож, арчилж хөгжүүлэн түүний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаснаар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж байдаг.

Аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгч ба үйлчлэгч байгууллагын харилцан итгэлцлийг сайжруулах зорилгоор нийтийг хамарсан өдөрлөг, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулна.

МОНГОЛБАНК

mongolbank

 

127 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail