Цаг агаар

Энэ долоо хоногоос нийт нутгаар хүйтэрнэ

Наадмын дараа намрын ажил ид өрнөж буй энэ өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч эхэллээ. Ялангуяа баруун аймгуудын нутгаар анхны цас орж эхэлжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас хүйтний эрч чангарна, хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг байнга анхааруулж буй. Энэ зун нийт нутгаар хур бороо ихтэй байсан бол намар, өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй байтал цастай нь золгох нь.

Аль аймагт цас орсон, мөн цаашид цас орох төлөвтэй байгаа эсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн С.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “Өчигдрийн байдлаар /2018.9.5/ Баян-Өлгий, Завхан аймгийн уулархаг хэсэг болон Идэр, Тэс голын хөндийгөөр цас орсон. Одоогоор Завхан аймгийн Цэцэн-Уул суманд нэг сантметр цасан бүрхүүл тогтсон байна. Өнөө шөнө өндөрлөг газарт буюу уулархаг нутгаар цас орох төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар бороо орно. Ойрын үед болсон цочир хүйтрэлт зарим хэсэгт -6 хэм хүрсэн. Цочир хүйтрэлт нь өндөрлөг газар буюу уулархаг газарт тохиож байгаа тул тариалангийн бүс нутаг буюу Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цочир хүйтрээгүй” гэлээ.

Харин ирэх тав хоногийн цаг агаарыг тодруулахад “Маргааш /2018.9.6/ нутгийн зүүн хэсгээр бороо орно. Харин 7, 8-нд нутгийн ихэнх хэсгээр бороогүй, дулаан байна.  Гэвч энэ сарын 9-нөөс Хөвсгөл аймгийн уулархаг хэсгээр, баруун болон төвийн бүсээр бороо орно. Мөн энэ сарын 10-наас нутгийн баруун хэсгээр дахин хүйтэрнэ. Ойрын өдрүүдэд тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, цас орох зүйл ажиглагдаагүй” гэсэн юм.

ХҮЙТЭРЧ БАЙГААГААС ТАРИАЛАНГИЙН БОЛЦ 10 ХОНОГ ОРОЙТОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Жил бүрийн өдийд ургац хураалт эд өрнөдөг. Энэ жилийн хувьд 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өнгөрсөн жилээс хоёр дахин их ургац хураах төлөвтэй байгаа юм. Хур бороотой энэ үед ургац хураалтын ажил хэдэн хувьтай явааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. Тэрбээр “Хүйтэрч байгаатай холбоотойгоор тариалангийн болц 10 хоногоор оройтох төлөвтэй байгаа. Одоогоор цөөн аж ахуйн нэгж ургацаа хурааж байгааг эс тооцвол ургац хураалт жигдэрч эхлээгүй байна. Бидний гаргасан урьдчилсан тооцооллоор энэ жил өмнөх жилтэй харьцуулахад 1.2-1.8 дахин их үр тариа, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, малын тэжээл хураана” гэлээ.

110 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail