Спорт

БӨХИЙН ХОЛБООНЫ “СҮҮЛЧИЙН НААДАМ” БОЛОХ ВИЙ

-Сайхан наадуулаарай, МҮБХ!-

Наадам сайхан болно оо. Харин бөх хэрүүлгүй бол шүү дээ. “Р.Нямдоржгүй МҮБХ”-ны анхны наадам болох гэж байхад одоо хүртэл талцлаа засч холбоогоо цэгцэлж чадаагүй байна. Өнөө жилийн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн бүртгэж байна. Дэнж гүвээ хотолзуулдаг бөхчүүдийн хэрүүл өргөөнөөсөө хальж “орон гэрээ” цагдаагийн байгууллагаар битүүмжлүүлчхээд “айлын” хаалга онголзуулж Спортын төв ордныг бараадан бүртгэлээ хийлгэж байх юм.

Сүсэг бишрэлтэй заримд нь хар бар өдөр хэл ам дагуулах вий гэсэн болгоомжлол төрж буйгаа ч нуухгүй л байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга,  Шадар сайд Ө.Энхтүвшин нэг сарын өмнөөс  Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзах үеэрээ допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй гэдгийг хэлсэн. Тэрбээр Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны асуудал баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг мөн сануулсан байдаг.

МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр түүнд хаяглан илгээсэн байна. Энэхүү албан бичигтээ найраа, допингийн асуудлыг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо мэдэгджээ. Цэгцлэх арга зөв эсэх нь бас эргэлзээтэй. Баяр наадмынхаа үеэр цусаа шинжлүүлээд зогсч байх дуртай хүн байх уу. Дургүй бол барилдахаа боль гэх үү. Уг нь бодууштай л санаа байлаа. Наадмаар барилдаад цолондоо хүрчхээд байхад хөхөө өвлөөр гэнэт шинжилгээний хариу гэгч гарч ирээд, цолыг нь хураана гэдэг бусад оронд хэвийн үзэгдэл байж болох ч монгол уламжлал, өвөрмөц баяр наадамд маань сэтгэлд сэвтэй амаргүй л юм билээ.

Хэрэв МҮБХ-ныхны дээрх албан бичигт дурдсанаар бол “тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна” гэжээ. Шударга биш байдал боловч өмнөх жилүүдэд Бөхийн өргөөг эвдэхдээ тулалгүй тайван сайхан наадаж болоод л байв. Ахмад бөхчүүдийн ярьдгаар бол зуунаар яригдах түүхтэй ч монголчууд наадаад л байж.  Ерөөсөө допингийн талаар хэр мэддэгтээ 512-хон бөх хэдэн биенээ хардах болов гэж аргаа бараад бодох боллоо. Наанадаж бөхчүүдэд өтгөн хар цай, харваачдад бараг л лууван хүртэл сэргээш болчихдог гэж анагаахынхан хэлж өгдөг. Уламжлалт баяр юм бол уламжлалаараа л барилдчихвал яасан юм. Ингээд ярихаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “…Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заасныг зөрчлөө гэх байх л даа.

Тэгвэл дэргэдэх нэгнээ нэр заан гүтгэж, Бөхийн өргөөгөө эвдэхийг завдах, МҮБХ нь хоёр хуваагдаж бөхчүүдээ, бөхийн хорхойтнуудаа талцуулах нь эв нэгдэл, тусгаар тогтнол, баяр наадмын зорилго тэргүүтэнд чинь хэр нийцэж байгаа юм бэ дээ. Одоо бөх үзэхдээ хэн, хэзээ, хэдэн хуруугаа гозойлгох нь вэ гэдгийг харж суух болох нь.

Энэ талаар МҮБХ-ны дээрх албан бичигт ийн дурджээ. “Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын тавын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О  нь телевизийн камер,  наадамчин олны өмнө гурван хуруу /гурван зуун сая төгрөг/ гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэсэн байна.

МҮБХ-ны шинэ ажлын эхний гараа нэг иймэрхүү. Шинээр дүрэм зохиохдоо наадмын үеэр хийх гээд, өмнөх хариуг “дарамт, шантааж” гэж үзэх нь хэр зөв юм бол. Бөхийн холбоогоо ч, бөхөө ч улам талцуулж өнөө жилийн наадмын бөх барилдаан, зодооны алинаар нь өндөрлөх нь цаанаа л түгшүүртэй. Бөх бол ард түмний сэтгэлзүйд онцгой ач холбогдолтой өвөрмөц төрөл. Айхавтар талцвал олон хүнийг хамарсан үймээн болохыг ч байг гэх газаргүй.

Дээр дурдсан “гурван хуруу гозойлгосон” бөхийн цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандаад байгаагаа МҮБХ-ны бичигт дурдсан байна. Эцэстээ допингийн шүүгч болж таарах нь уу. Мэдээж хуулийн дагуу зарлигаа гаргаж цол өгсөн хүн нь зарлигаараа цолыг буцаах биз. Хэрэв үүндээ тулбал хэдэн бөхийн цол нааш, цааш болгох гэж Төрийн тэргүүн ажилладаггүй. Наанадаж төрийн үй олон ажил, цаанадаж Монгол түмний эв нэгдлийн төлөө ажилладаг болохоор харин ч дээрх зөрчилд цэг тавьж чадах хүн нь Ерөнхийлөгч байж болно. Зарлиг гаргаад Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч, МҮБХ-ны үйл ажиллагаанд ч зохих зохицуулалтыг хийж хэдэн сайхан бөхчүүдээ эв найртай эмх цэгцтэй аваад явах байгууллага бий болгож чадахгүй л байв гэж.

Одоо УИХ-ын гишүүдийг ч нутаг усаар нь талцуулж, Засгийн газрыг ч буруутгаж, Ерөнхийлөгчөөр шүүлгэхдээ тулаад байгаа бөхийн хэрүүлээ зогсоох цаг боллоо. Эрийн гурван наадмын төрлөөс хэдхэн муйхар хүний улайрлаас болж бөхийг хасч болохгүйгээс хойш “Эрийн гурван наадмаа” хэвээр авч үлдэж МҮБХ-ны эрх мэдэлд халдахад болохгүй гэх зүйлгүй. Дахин хэлэхэд Монголын Үндэсний бөхийн холбоо бол Монголын үндэсний бөх огт биш шүү. Эв нэгдэлтэй тайван сайхан барилдаан үзүүлж ард түмнийг баясгах уу. Хэдэн зуун жилээр бугшсан найрааг арилгаж байна, наадмаар цусыг нь шинжилнэ гэж бөх сонирхогчид, нийт ард түмний сэтгэлийг булингартуулах уу гэдгээс нь МҮБХ-ны “насжилт”, эрх мэдэл цаашид тодорхой болох биз ээ. Сайхан наадуулаарай, МҮБХ!!!

39 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail