Урлаг

23 НАСТАЙДАА ГАВЬЯАТ ХҮРТСЭН О.АНУЖИН ГЭЖ ХЭН БЭ?

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин өнөөдөр /2018.07.09/ Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо.

Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа эхлэн театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 23 насандаа энэхүү хүндтэй шагналыг эзэн болж байна.

Гавьяат жүжигчин О.Анужин шагнал авсны дараа “Баллетын урлагаар хичээллээд 13 жил болж байна. Дуурийн театарт ажиллаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл ирлээ. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг олон улсад гаргасан чанартай уран бүтээл хийнэ гэж амлаж байна. 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртлээ. Миний хувьд ер бусын гайхалтай өдөр байна.” гэсэн юм.

Плехановын нэрэмжит орос сургуулийн есөн настай охин бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Хөгжим, бүжгийн коллежид шалгуулж, тэнцэж байжээ. Мятаршгүй тэмцлийнхээ дүнд өнөөдөр О.Анужин Дуурийн театрын тайзнаа дэлхийн сонгодог бүтээлийг амилуулж, дэлхийн шилдэг есөн бүжигчний нэг болтлоо өсчээ.

Театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж, сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулаад зогсохгүй, 2016, 2018 онуудад олон улсын тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргасан юм.

О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй. Тэртээ 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин С.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан билээ. Тэгвэл шинэ цагийн балетын нэгэн од О.Анужин дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон наадамд өөрийн авьяас, ур чадвараа харуулан хүрэл цом хүртсэн нь түүний амжилтын эхлэл байсан юм.

О.Анужин 2018 онд Монгол Улсад анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход Гран-при эзнийг хүртэж байснаас гадна хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан.

Сөүл хотод болсон “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон юм. 11 дэх удаагийн уг наадмаас О.Анужин алтан медаль хүртэж, Монголын эмэгтэй бүжигчин анх удаа олон улсын наадмаас алтан медаль хүртсэн түүхийг бичсэн нь саяхан.

О.Анужин 2016 онд “Монголын балетын урлагийг мэдэхгүй орон маш их байдаг. Тиймээс сонгодог урлагт хүсэл мөрөөдлөө өгсөн хүний хувьд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргахыг хүсдэг.” хэмээн News агентлагийн ‘Шинэ нэр’ булангийн зочноор оролцож байхдаа хэлж байсан юм. Түүний гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх шагналыг хүртээлээ.

ШИНЭ НЭР: БАЛЕТЫН ГОЦЛООЧ О.АНУЖИН

 (2016-11 САР)

61 views

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail